AI ашиглан жил гаруй хугацаанд 370 ном хэвлүүлжээ
Өмнөд Африкийн зохиолч Корал Харт хиймэл оюун ухаан ашиглан 2025 оны хоёрдугаар сараас хойш 370 гаруй ном хэвлүүлжээ. Тэрбээр янз бүрийн шүүмжлэл, заналхийлэлтэй тулгарсан ч хийсэн бүхнээ тууштай хамгаалсаар байгаа аж. Олон нийт түүнийг луйварчин гэх зэргээр цахим орчинд зүхсээр байна.
Корал Харт "AFP" хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрт нь хэдэн 10 мянган үзэн ядалтын зурвас ирснийг хуваалцжээ. Тэр дунд амь насанд нь заналхийлсэн зурвас ч байгаа аж. Тэрбээр "Ийм дайсагнасан орчинд хиймэл оюун ухаан ашиглан бүтээл туурвидаг цөөн хэдэн зохиолч л олон нийтийн өмнө гарах зоригтой байдаг. Энэ бол бидний ярьж эхлэх ёстой асуудал. Тиймээс би салхи хагалахаар шийдсэн. Хиймэл оюун ухаан хэдийнэ дэргэд ирчихлээ шүү дээ. Хэдэн зохиолч эсэргүүцлээ гээд хэн ч үүнийг ашиглахыг болиулж чадахгүй" гэжээ.
Корал Харт хиймэл оюун ухаан ашиглан бичиж эхлэхээсээ өмнө хэвлэлийн салбарт 14 жил ажиллаж, энэ технологигүйгээр цөөнгүй бүтээл туурвижээ. Харин Корал Харт гэдэг нь түүний одоо ашиглаж буй нууц нэр юм.
Харт "ChatGPT", "Claude", "Grok" зэрэг хиймэл оюун ухааны хэд хэдэн загварыг ашигладаг. Түүний тодорхойлсноор "ChatGPT" харилцан яриа бичихдээ сайн ч уран найруулгадаа муу, "Claude" нь өгүүлэмжийн бүтэц сайтай байдаг ч сексийн хэсэг бичихдээ тааруу, харин "Grok" нь энэ төрөлдөө сайн аж.
Эдгээр платформд хандаад шууд ном бичээд өг гэвэл мэдээж бүтэхгүй. Шууд хогийн саванд хаях хэмжээний бүтээл тэндээс төрөх учир Харт эхлээд зохиолын үндсэн санаа, бичлэгийн хэв маяг, дүрүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүлгүүдийн төлөвлөгөөгөө гаргачихаад номоо бичүүлдэг байна. Энэ аргаар эхэн үедээ нэг л догол мөрийг хиймэл оюун ухааны "гараас" арай хийн гаргаж байжээ. Нэг догол мөр бичүүлэхийн тулд л 2-3 удаа зааварчилгаа өгдөг байсан бол одоо бүтэн номыг нэг удаагийн үйл явцаар л ноороглодог болсон аж.
Хартын хэлснээр хиймэл оюун ухааны загварууд өнгөрсөн жилээс эрс сайжирчээ.
Хамгийн чухал шалгуур бол тэдгээр ном борлуулагдах эсэх юм. "Уншигчид муу ном уншдаггүй. Тэд буцаагаад л өгдөг" гэж Харт хэлжээ.

