|
Видео

Шинэ мэдээ

"OPEC+" болгоомжилж байна

"OPEC+" болгоомжилж байна

 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага OPEC болон түүний холбоотон орнууд (OPEC+) ирэх арванхоёрдугаар сард газрын тосны олборлолтын хэмжээгээ одоогийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Ингэснээр тус бүлэглэл энэ онд олборлолтын бодлогодоо дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд 2027 оны олборлолтын хэмжээг ирэх сарын сүүлээр хэлэлцэхээр болж байна.

OPEC-оос мэдээлснээр, Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Алжир, Казахстан, Оман гэсэн долоон улсын төлөөлөгч Ням гаригт (2026.11.01) цахимаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Эдгээр улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх зорилт тавьсан байсан. Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодод үргэлжилж буй АНУ, Израиль-Ираны дайны улмаас газрын тосны экспорт, тээвэрлэлтэд саад учирч, төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй байгаа юм. Ялангуяа Персийн булангийн орнуудын газрын тосны нийлүүлэлт мөргөлдөөний улмаас хэдэн сарын турш тасалдаж, олборлолтын хүчин чадлаа бүрэн ашиглах боломжгүй болжээ.

OPEC+ нь OPEC-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг холбоотнуудаас бүрддэг 21 улсын нэгдэл юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтын хэмжээг сар бүр хэлэлцэж, шийдвэр гаргахад дээр дурдсан долоон улс голлон оролцож ирсэн. Харин Арабын Нэгдсэн Эмират Улс тавдугаар сард OPEC-оос гарсан юм.

Тус бүлэглэлийн бүх гишүүн улс арваннэгдүгээр сарын 29-нд дахин хуралдах бөгөөд энэ үеэр 2027 онд улс бүрийн олборлох газрын тосны хэмжээг хэлэлцэх төлөвтэй байна.

"Rystad Energy" судалгааны байгууллагын шинжээч Хорхе Леоны үзэж буйгаар, арванхоёрдугаар сарын олборлолтын хэмжээг хэвээр хадгалах шийдвэр нь таамаглахуйц байсан аж. Харин арваннэгдүгээр сарын 29-ний уулзалтаар 2027 оны олборлолтын бодлогоо хэрхэн тодорхойлох нь тус бүлэглэлийн хувьд илүү том сорилт болох юм.

Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман гэсэн OPEC+ бүлэглэлийн долоон гол гишүүн улс арванхоёрдугаар сард өдөрт нийт 31.01 сая баррель газрын тос олборлох квотоо хэвээр хадгалахаар тохиролцлоо. Гэхдээ энэ нь тухайн улсууд өдөр бүр заавал ийм хэмжээний газрын тос олборлоно гэсэн үг биш юм. Харин энэ тоо олборлохыг зөвшөөрсөн дээд хэмжээг илэрхийлж байгаа бөгөөд бодитоороо үүнээс ч бага байж болно.

Тухайлбал, дээрх долоон улс есдүгээр сард нийлээд өдөрт ойролцоогоор 26.12 сая баррель газрын тос олборлосон нь тогтоосон квотоосоо 4.89 сая баррелиар бага үзүүлэлт юм. Үүнд Ираны дайны улмаас Ойрхи Дорнодын газрын тосны экспорт, тээвэрлэлт саатаж, зарим улсын олборлолтын хүчин чадал бүрэн ашиглагдахгүй байгаа нь нөлөөлжээ.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСӨЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЭВ

Газрын тосны үнэ өнгөрсөн Баасан гаригт хоёр хувиас дээш өсөж, дөрөвдүгээр сарын сүүлээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тодруулбал, олон улсын зах зээлд жишиг үнэ болдог “Brent” газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерсийн үнэ баррель нь 117.64 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх өдрөөсөө 2.76 ам.доллар буюу 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Арилжааны явцад үнэ нь 118 ам.долларт хүрчээ.

Харин АНУ-ын “West Texas Intermediate” (WTI) төрлийн газрын тосны үнэ 2.08 хувиар өсөж, баррель нь 104.12 ам.доллар болсон байна.

Ингэж үнэ өсөхөд Ираны дайны нөхцөл байдал улам хурцдаж, газрын тосны нийлүүлэлт дахин тасалдах вий гэсэн болгоомжлол нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-ын завсрын сонгуулийн дараа мөргөлдөөн даамжрах магадлалтай гэж зах зээлийн оролцогчид үзэж байгаа аж.

2027 ОНД ГАЗРЫН ТОСНЫ ИЛҮҮДЭЛ НИЙЛҮҮЛЭЛТ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ

OPEC+ орнуудын хувьд ирэх оны олборлолтын хэмжээг тогтоох нь амаргүй шийдвэр байх төлөвтэй. Учир нь Ираны дайн хэр удаан үргэлжлэх, Персийн булангаас газрын тос тээвэрлэх гол зам болох Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) болон бусад байгууллагаас Персийн булангийн газрын тосны нийлүүлэлт хэвийн хэмжээнд эргэн хүрвэл 2027 онд дэлхийн зах зээлд газрын тосны илүүдэл үүсэж болзошгүйг анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, одоо дайны улмаас зах зээлд нийлүүлэгдэж чадахгүй байгаа газрын тос дахин хэвийн хэмжээгээр нийлүүлэгдэж эхэлбэл эрэлтээс давсан нийлүүлэлт бий болж, үнэ буурах юм.

Нөгөө талаас OPEC+ орнууд энэ оны турш олборлолтын хэмжээгээ үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал, 2023 онд тохиролцсон өдөрт 1.65 сая баррель газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрээ есдүгээр сард бүрэн цуцалж, олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө дуусгажээ. Гэхдээ үүнээс гадна OPEC+ бүлэглэлийн ихэнх гишүүн оронд хамаарах өдөрт ойролцоогоор хоёр сая баррель газрын тосны олборлолтын нэмэлт хязгаарлалт 2026 оныг дуустал хүчинтэй хэвээр байна.

Тиймээс 2027 оны олборлолтын квотыг тогтоохоос өмнө гишүүн орнуудын газрын тос олборлох бодит хүчин чадлыг дахин үнэлэх шаардлагатай болжээ. Энэ ажлыг дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч Ираны дайны улмаас Ойрхи Дорнодын газрын тосны салбарын шинэ төслүүд саатаж, улс орнуудын олборлолтын ирээдүйн боломжийг тооцоолоход хүндрэл учирсан байна.

Үнэлгээг арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд дуусгахаар хүлээгдэж буй. Гарсан дүн нь 2027 онд улс бүрд ногдуулах олборлолтын квот болон одоо мөрдөж буй хязгаарлалтыг цуцлах хугацаанд шууд нөлөөлөх юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler